Асуудал юу байв?
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас 2022 онд хуурамч дипломын асуудал хөндөгдөж олон нийтэд мэдээллэж байсан билээ.
Уг мэдээлэлд дурдсанаар 59 мянган дипломыг шалгахад зөрчилтэй 724, сэжигтэй 2,000 диплом илэрсэн билээ. Хуурамч дипломтой иргэд төрийн байгууллагад ажиллах тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд багшлах зэрэг асуудал үүссэнээр дипломыг цахим хэлбэрээр олгох, дипломын өгөгдөл мэдээллийг хуурамчаар үйлдэх боломжгүй байх, цахимаар ямар нэг зардалгүйгээр тулган баталгаажуулах хэрэгцээ шаардлага үүссэн.
Мөн цаасан диплом нь гэмтэх, хаяж гээх болон үнэн зөв эсэхийг ажил олгогч компанид, гадаадын сургуульд нотлоход нотариатаар баталгаажуулах гэх мэтээр зардал өндөр, цаг хугацаа шаарддаг байсан билээ.
Т.Ням-Очир
Боловсролын ерөнхий газрын дарга
“Боловсролын ерөнхий хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Боловсролын баримт бичиг цаасан болон цахим хэлбэртэй байна.” гэж заасан.
Шинээр батлагдсан Боловсролын ерөнхий хуульд боловсролын баримт бичгийг цаасан болон цахим хэлбэртэй байхаар тусгасан.
Мөн 2022 онд Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын “Хамтарсан албан даалгавар”-т “Их, дээд сургуулиудын төгсөгчдийн дипломыг блокчэйн технологид тулгуурлан баталгаажуулах” үүргийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгасан.
Энэ хүрээнд блокчэйн технологиор баталгаажуулах шилжилтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газраас 2022 онд эхлүүлсэн бөгөөд их, дээд сургуулиуд TEO үндэсний блокчэйнд цахим диплом баталгаажуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Цаашид их дээд сургууль төгсөгчдийн боловсролын баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэхээс гадна ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн боловсролын баримт бичгийг блокчэйнд байршуулах ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Боловсролын баримт бичгийг блокчэйнд шилжүүлснээр ажил олгогч, ажил горилогч нарын дунд бий болдог эргэлзээг арилгахад мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг ашиглах сайн жишээ болно.